Thursday, June 9, 2011

Төрийн үүрэг ба ЛГБТ хүмүүс

САЙН БАЙЦГААНА УУ? ЛГБТ АХАН ДҮҮСЭЭ!

2011 оны 6 дугаар сар 9 Улаанбаатар хот

Блог хөтлөх ажил нь ЛГБТ Төвийнхний хувьд хувь хүн, гэр бүл, нийгэмд нөлөөлөх нөлөөллийн ажлын нэг хэсэг тул та бүхэндээ блогоороо дамжуулан ЛГБТ хүний эрхтэй холбоотой үйл явдлууд, хууль эрх зүйн асуудлуудаар санал бодлоо солилцож байхын тулд ЛГБТ эрхийн мэдээллийг хүргэж байх болно оо.
Саяхан төвийн цахим хуудсанаа “Жогжакартын зарчимууд”-ыг зарчим тус бүрээр нь тайлбарлан таниулах ажлыг эхлүүлж анхны подкастыг тавьсан билээ. Тавигдсан подкасттай холбоотойгоор санал, хүсэлт байвал info@lgbtcentre.mn хаягаар холбогдож болно.
Энэ удаа хүний эрхийг хангах төрийн үүрэг ЛГБТ хүний эрхийн асуудалтай хэрхэн уялдаа холбоотой талаар бодож явдаг сэтгэгдлээ хуваалцья гэж бодлоо.
Тэгэхээр төрийн үүргийн тухай ярихаас өмнө төр гэдэг ойлголтыг жаахан тодруулах хэрэгтэй байх, төр нь аливаа улсад оршин буй улс төрийн засаглалын байгууллага бөгөөд бодлого, засаглал, улс төр гэсэн 3 ухагдахууны нэгдэл, цогц бүрдэл гэж ойлгож болох юм. Тэгэхээр төрийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны шинж, зориулалтыг гадаад, дотоод чиг үүрэг илэрхийлдэг.
Гадаад чиг үүрэг нь гадаад улс орнуудтай харилцах, олон улсын тавцанд явуулж буй үйл ажиллагаагаар илрэн гардаг, харин дотоод чиг үүрэг нь гадаад бодлогыг тодорхойлж байгаа төрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл бөгөөд энэ нь хамгаалах, зохицуулах чиг үүрэг гэж хуваагддаг. Мөн чанарын хувьд хамгаалах чиг үүрэг нь хууль сахиулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, байгаль, хүрээлэн байгаа орчныг хамгаалах буюу хуулиар тогтоож, зохицуулж байгаа нийгмийн бүх харилцааг хамгаалахад чиглэгддэг1.

ЭНЭХҮҮ ХАМГААЛАХ ЧИГ ҮҮРЭГ ЛГБТ ХҮМҮҮСИЙН ЭРХТЭЙ ХЭРХЭН ХАМААРАЛТАЙ БАЙХ ВЭ?

Вена хотод 171 улс орон, олон улсын төрийн бус 800 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцсон Дэлхийн хүний эрхийн бага хурал 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2 долоо хоног хуралдаж, төлөөлөгчдийн санал нэгтэй батласан “Үйл ажиллагааны хөтөлбөр буюу Венийн тунхаглал”-д хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төр, засгийн байгууллагуудын анхдагч үүрэг болохыг заасан байдаг. Тиймээс Монгол Улсын засгийн газар НҮБ-тай 1998 онд хүний эрхийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хүний эрхийг хамгаалах Үндэсний механизмын чадавхийг сайжруулах, хүний эрхийг хамгаалах Үндэсний байгууллага байгуулах зэргээр хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байдаг нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн байдаг. Жишээ нь Хүний эрхийн Үндэсний комисс байгуулагдсан гэх мэт.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлээр ТӨРӨӨС ИРГЭНИЙХЭЭ ӨМНӨ ХҮЛЭЭХ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБОГДСОН 3 ҮНДСЭН ҮҮРЭГ-ийг хариуцуулж өгсөн байдаг.
Энэ нь:
1/ Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,
2/ Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх
3/ Хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үндсэн чиг үүрэг юм2.

Эдгээр үндсэн үүргийн 2, 3 дахь 1 дүгээрт тодорхойлсон баталгааг бүрдүүлээгүйгээс, эсхүл санаатайгаар гажуудуулсанаас үүссэн сөрөг үр дагаврыг төрөөс таслан зогсоох, засаж залруулахтай холбогдсон үйл ажиллагаа гэж тодорхойлдог.
Эндээс ЛГБТ хүмүүсийн эсрэг гардаг ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн асуудлыг сэргээх нь төрийн үүрэг болох нь тодорхой харагдаж байна. Харин ЛГБТ хүмүүсийн эрхийн хамгаалалт энэхүү хүний эрхийг хангах, хамгаалах механизмын гадна байгааг бид санах ёстой, нийгмийн хандлага үнэн зөв мэдээлэлгүй байгаагийн улмаас нийгмийн бүхий л институциудын хүрээнд ялгаварлан гадуурхалт бодитоор оршсоор байгаа гэдгийг ЛГБТ хүн болгон мэдэж байгаа байх.
Өнгөрсөн 2010 он, 2011 оны эхээр ЛГБТ хүний эрхийг хангах, хамгаалах талаар НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тогтмол хэлэлцүүлэг, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хороо, Иргэний ба улс төрийн эрхийн конвенцийн хорооноос гаргасан зөвлөмжүүдийг Монгол Улсын Засгийн газар олон улсын өмнө хэрэгжүүлэх амлалтыг авсан ба одоогийн байдлаар хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 18-нд 159 дүгээр тогтоолоор ерөнхий төлөвлөгөө батлаж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлсэн байна. Дээр нь бидэнд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрхийн эрх зүйг хэрэглэх “Жогжакартын зарчимууд” байна.
Мэдээж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хийх ёстой ажил үүрэг боловч энэхүү ажилд ЛГБТ хүмүүсийн оролцоо хамгийн чухал үүрэг гүйцэтгэх болно. Яагаад гэвэл ЛГБТ хүмүүсийн дуу хоолой энэ үйл явцад дутагдвал ЛГБТ хүний эрхийг бүрэн дүүрэн багтаасан ээлтэй эрх зүйн орчин бүрдэх асуудал бүрхэг болно, тиймээс бид өөрсдөө эвлэлдэн нэгдэж, эрхийнхээ төлөө төрд дуу хоолойгоо хүргэх ёстой, асуудлаа бүрэн дүүрэн ярих ёстой, ямар нэг байдлаар дутуу дулимаг хууль тогтоомж гаргах ёсгүй гэдэгтээ ЛГБТ хүмүүс та бүхэн санал нэгдэнэ биз ээ. Та бүхэн энэхүү материалыг уншаад өөрсдийнхөө санал, бодлоо хуваалцана гэдэгт гүнээ итгэж, найдаж байна.
Харин дараагийн сэдэвээ тодорхойлохдоо та бүгдийн саналыг харгалзан бичих болно оо.


ХҮНДЭТГЭСЭН,
А.БАЛДАНГОМБО
ЛГБТ ТӨВИЙН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕР

No comments: