Би хүссэндээ гей болсонгүй, хүссэнээрээ амьдардаг байсан бол би гэргийтэй болж үр хүүхдээ, гэргийгээ гээд бусад гетеросексуал хүмүүс шиг амьдрах байсан биз.
Эрсдэл дагуулсан миний амьдралд гомдох, баярлах, уурлах, инээх гээд хүнд өөрт нь байдаг бүх л үеүд тохиолддог, би эр хүн, эр хүнийг хайрлаж, эр хүнээр хайрлуулахыг хүсдэг эр хүн. Энэ миний сэтгэл зүрхний бодит байдал, энэ бодит байдал маань намайг эрсдэлд оруулдаг. Яагаад гэвэл би энэ нийгэмд бэлгийн цөөнх хүмүүсийн нэг, бэлгийн хувьд би гетеронорматив хэм хэмжээнээс халин гарч эр хүнийг хайрласанд оршиж байгаа юм.
Миний бодит байдал ийм байлаа гээд би хүн, хүн учраас хүн шиг амьдрах эрхтэй. Хүн учраас хүний эрхээ ямарваа нэг ялгаварлалд өртөлгүй эдлэх эрхтэй. Гэвч бэрхшээл байна.
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл гэдэг нэр томьёо, хэллэгийг гүн гүнзгий уншаад, судлаад үзсэн хүмүүс ховор байна. Үзье ч гэсэн уншиж, судласанаараа өөрсдөө гей, лесбиян, бисексуал, трансжендер хүн болчих вий гэсэн айдастаа автдаг гэвэл хилсдэхгүй л болов уу. Энэ бол гетеросексуал хүмүүст хамааралтай бодит байдал.
Харин ЛГБТ хүмүүсийн хувьд байдал өөр байна. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээ нууж амьдарна, учир нь намайг мэдчихвэл амьдрал маань гамшиг болно гэж урьдаас төсөөлөн боддог. Дотоод сэтгэлийн гүнд нууж амьдрахыг хүсэвч үнэн бол даравч далдайгаад, булавч бултайгаад байдаг айхтар зүйл.
Бусдаас ялгаатай байгаа зүйлээ сайн нуугаад амьдарч байвал хувь хүний хувьд тухайн хүний эрхийн асуудал, хэн ч үүнд хөндлөнгөөс оролцох шаардлага байхгүй. Сурдаг бол суралцаад ажилладаг бол ажиллаад л мөрөөрөө хэнд ч гэм хор учруулахгүй хэний ч эрхэнд халдахгүйгээр амьдарч байвал энэ тухайн хүний сонголтын асуудал.
Харин миний хэлэхийг хүссэн зүйл бол хэн нэгэн хүн бэлгийн чиг баримжаагаа нуулгүй, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дунд, нийгэмд ил гарч амьдрахыг хүсэж буй бол уншаад үзээрэй. Энэ бичиглэл таньд бага ч гэсэн тус нэмэр болох болно.
1,Өөрийнхөө ЛГБТ хүн гэж тодорхойлдог бол өөртөө итгэлтэйгээр хэлж сурах, хэлж сурахын тулд өөрийнхөө мөн чанарыг судлах явдал юм. Мөн чанараа судлаж мэдсэнээр та бусдын зүгээс ирдэг янз бүрийн буруу ташаа, худал хуурмаг яриаг үнэн зөв мэдээллээр өөрчлөх чадвартай болно. Зарим тохиолдолд бүр амыг нь ангайтал ярих хэрэг гардаг. Яагаад ийм байх хэрэгтэй вэ гэвэл бидний өөрөө өөртөө итгэлгүй байдал бусдын өгөөш болдог. Гей гэчихээд биш ч юм шиг мөн ч юм шиг байгаад байвал хэнд ч ойлгогдохгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдэг нь тодорхой асуудал. 2, Айдас, зөрчил байдаг бол даван туулах зөв арга хэрэгслэлийг сонгох, сэтгэлийн гүн дэх айдас, зөрчлийг ганцаараа даван туулах гэдэг бүтэшгүй зүйл, тиймээс чамайг сонсдог, чамайг ойлгодог, сэтгэлийг тань хуваалцдаг, харилцан ярилцдаг хүнтэй болох хэрэгтэй, бүр боломжтой бол сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй. Ингэхгүйгээр буруу арга хэрэгслэлээр яваад байвал өөрийгөө л хорлоно гэсэн үг. Буруу арга хэрэгслэлд хамгийн түрүүн архины асуудал!!!
Сайхан ярилцах бус сайхан архидаад байвал хэзээ ч таны сэтгэл дэх айдас, зөрчилтэй байдал арилахгүй ээ, харин ч улам доройтоод л яваандаа архины хамааралд өртөнө.
3, ЛГБТ олон нийт дотроо бие биедээ түшигтэй, эвтэй байх явдал. Мэдээж эвтэй, түшигтэй бай гэж хэлэхээр л бүгд эвтэй, түшигтэй болчихгүй нь ойлгомжтой. Гэвч бидний байдал одоогоор шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тархай, бутархай байгаа нь харин үнэн.
Ийм байдлаас ангижирч, дугтарвал хүч нэг, дуугарвал дуу нэгтэй байх нь ЛГБТ хүмүүс бид эрхээ хамгаалах хамгийн сайн суурь болно.
Хүн бүр харилцан адилгүй өөр өөр зан чанартай, өөрийн гэсэн ертөнцийг харах цонхтой хэдий ч бид чинь цөөхүүлхнээ, тэгээд хүний эрхээ эдлэх юм сан гэсэн нэг л хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Энэхүү хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд бидний хийж чадах зүйл бол эв нэгдэлтэй байж, бие биенээ дэмжих явдал юм. Өөрөөр хэлбэл хаана ч нэг санаатай нэгдмэл байх гэж хэлж болно.
Миний хэлэх гэсэн санаа бол 3 зүйл дээр түшиглэж жинхэнэ ЛГБТ олон нийтийг төлөвшүүлэх явдал, ингэж төлөвшүүлэхэд хүн бүрийн санал, санаачлага хэрэгтэй байна даа гэж.
No comments:
Post a Comment