Өөрийн гэсэн бодол дотор би хэн бэ? гэдэг асуултанд хариулж байхгүй бол энэ нийгэмд оршин буй түмэн зүйлийн үзэл бодлын тулгалт оршин байх аргагүй болтол гадуурхах юм.
Угтаа хүн бүх зүйлийг мэдэх албагүй, харин мэддэг юм шиг цэцэрхэж болохгүй гэдэгтэй санал нэгдэх байх.
Яагаад энэ зүйлийг бичих болов гэхээр хаана ч, хэнтэй ч бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай ярилцахаар асуудал босож ирээд байх юм, тэр байтугай ЛГБТ хүмүүст маань ч энэ асуудал хамааралтай.
Би гэдэг хүн гей буюу бэлгийн чиг баримжааны хувьд ижил хүйсийн хүмүүст сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод тэдэнтэй дотно ба бэлгийн харилцаа үүсгэх төрөлхийн л мөн чанартай төрчихсөн ийм л хүн. Ингэж хэлэхээр ойлгоход төвөгтэй байж болох юм. Энгийнээр хэлбэл би эрэгтэй хүнд сэтгэл, зүрхний хувьд татагддаг, эр хүнийг хайрлаж, эр хүнээр хайрлуулахыг хүсдэг, эр хүнтэй хамт амьдрал зохиож, нэг насныхаа амьдралыг хамтдаа туулахыг хүсдэг. Энэ бол миний мөн чанар.
Дахин тодруулан хэлэхэд Хүн бүрт бэлгийн чиг баримжааны хувьд эсрэг, ижил эсхүл нэгээс илүү хүйсийн хүмүүст ийнхүү татагдах төрөлхийн мөн чанар бий.
Бэлгийн чиг баримжаа гэхээр дан ганц ЛГБТ хүмүүсийн асуудал гэж ойлгох нь туйлшрал бөгөөд гетеросексуал хүмүүст ч хамааралтай ойлголт.
Энэ нийгэмд гетеросексуал хүмүүс олонх байдаг учраас соёл, ёс заншил, уламжлал, боловсрол гээд бүх сувгаар зөвхөн гетеронорматив хэм хэмжээ хүчтэй байр суурийг эзлэсээр ирсэн нь бэлгийн цөөнх болсон ЛГБТ хүмүүсийг ялгаварлах томоохон хүчин зүйл юм. Энэхүү хүчин зүйлийн нөлөөгөөр нийгэмд дараах үлгэр домог мэт болтлоо хоногшсон өрөөсгөл ойлголтын талаар хүргэхээр шийдлээ.
Нийгэмд оршин буй ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТУУД... Энэ ойлголтууд бол хүмүүс ЛГБТ хүмүүсийн талаар бодож буй өрөөсгөл ойлголтууд...
"Тэд бүх хүмүүстэй унтахыг хүсдэг", "Нэг өдөр эмэгтэй, нэг өдөр эрэгтэй", "Тэд үр хүүхэдтэй болж чадахгүй", Тэдний харилцаа хэзээ ч моногами байдаггүй", "Тэдэнд сонголт байдаг", "Тэд бидний үр хүүхдийг уруу татдаг", "Тэд эсрэг хүйсийн сексийг үзэн яддаг", "Тэд хэзээ ч тууштай хамт амьдардаггүй", "Тэд хэзээ ч эрх тэгш байдаггүй", "Энэ бол өвчин, ийм өвчтэй байхаар "хараагдсан" хүмүүс", "Тэд бол хүмүүний амьдралын эмгэнэлт түүх", "Тэд бүгд "холилдсон" хүмүүс", "Энэ бол ердөө л нийгмийн үзэгдэл", "Тэд федофиль/ федофиль гэж насанд хүрсэн хүмүүс бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг бэлгийн гаж дон/-д нэрвэгдсэн хүмүүс", "Тэд ердөө л зөв хүнтэй учраагүй хүмүүс", "Орон дотор юу хийдгээрээ бусдаас ялгаатай хүмүүс", "Тэд ДОХ тархах учир шалтгаан" гэх мэт...
Энэхүү өрөөсгөл ойлголтууд гетеросексуал хүмүүс байтугай ЛГБТ хүмүүст ч хүчтэй нөлөөллийг үзүүлж байна.
Гей залуус дотор төрөл бүрийн хүмүүс бий, хүдэр чийрэг, бахим эсхүл эсрэгээрээ туранхай, хэт гуалиг нэгэн байхад ердийн нэгэн ч бий. Уулын мод урттай богинотой байдагтай адил төрөл бүрийн хүмүүс бий. Харин эдгээр хүмүүс нэг зүйлээрээ ижил байдаг нь бэлгийн чиг баримжаа, тэд эрэгтэй хүнд сэтгэл, зүрхний хувьд татагддаг, эр хүнийг хайрлаж, эр
хүнээр хайрлуулахыг хүсдэг, эр хүнтэй хамт амьдрал зохиож, нэг насныхаа
амьдралыг хамтдаа туулахыг хүсдэг. Энэ бол мөн чанар. Энэ мөн чанараа бүрэн гүйцэд таньж мэдэж авч чадвал өөрөө өөртэйгөө зөрчилдөх асуудал үгүй.
Гэтэл харамсалтай нь бэлгийн зан үйлийнхээ хандлагыг бэлгийн чиг баримжаатай хольж хутгасанаар өөрсдийгөө олдмол байдлаар гей болчихсон мэт ойлгодог нэгэн байдаг. Тэгээд нэгэнт бэлгийн зан үйл маань ижил хүйсийнх учраас би гей болчихсон мэт ойлгох байдал газар авах хандлагыг төрүүлдөг. Энэ хандлага эргээд нийгэмд өрөөсгөл ойлголт өгөх түлхүүр болж байна.
Бас нэг сөрөг байдал нь бэлгийн чиг баримжаа өөрчлөгдөж болно гэсэн итгэл найдварыг өгч буй байдал, энэ байдлаараа бүх ЛГБТ хүмүүс өөрчлөгдөж болно, тэд сайн дурандаа эрсдэлтэй амьдралаар амьдарч байгаа мэтээр энэ нийгэм хүлээн авч байна гэсэн үг. Хэн бусдаар үзэн ядагдаж, ялгаварлагдан гадуурхагдахыг хүсэх билээ, хэн ч хүсэхгүй, хэзээ ч дотоод сэтгэлдээ болон гадаад амьдралдаа эрсдэл үүрэхийг хүсэхгүй, сонгохгүй.
Тиймээс миний хэлэх гэсэн санаа бол БЭЛГИЙН БАРИМЖАА, ХҮЙСИЙН БАРИМЖАА ИЛЭРХИЙЛЭЛ БОЛ ЗАН ҮЙЛ БИШ, ХЭРЭВ ЗЭЭ БЭЛГИЙН ЗАН ҮЙЛТЭЙ ХОЛИОД ЭХЛЭВЭЛ ЭНЭ ЧИНЬ ТОМ ТӨӨРӨГДӨЛ гэдгийг хэлэх гэсэн юм. ХЭЛЭХ ГЭСЭН САНАА МААНЬ ЭНЭ БАЙЛАА...
БАЯА,
2012.02.10
www.lgbtcentre.mn/mn
No comments:
Post a Comment