Мэдэх эрхтэйн тухай өмнө нь бичсэн дээ, тэрнээс хойш олон олон зүйлийг уншиж үзлээ, сэхээрэх боломж олдолгүй олон олон зүйлийг уншсан маань тархи толгойд минь нилээн сайн түлхэц болов. Юуны тухай ингэтлээ уншсан бэ гэхээр товчхондоо эрх, эрх чөлөөний тухай, ер нь ЛГБТ хүмүүс яагаад эрх, эрх чөлөөнийхээ төлөө тэмцэл хийж эхлэсэн тухай маш нухацтай уншиж, толгойдоо мэдлэг гээч зүйлийг хуримтлуулав. Тэгэхээр одоо хэн нэгэнтэй үүнийгээ хуваалцах ёстой болов уу гэж бодов.
Юуны өмнө "мэдэх эрх"-ийн тухай уншсан зүйлээсээ хуваалцая.
Миний ФБ-ийн анд Ц.Мөнхбат либертарианизм бүлгийн идэвхитэй гишүүдийн нэг юм. Түүнээс хэд хоногийн өмнө түүний бичсэн эссэнээс ишлэл, зүүлт авч болох тухай асуухад болно гэж хариулсан. Харин би жаахан давраад түүний бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь тавихаар шийдлээ.
Миний тархины цэнэглэгч эх үүсвэр болсон олон олон үзэл баримтлалаас Либертарианизм бол хамгийн шилдэг нь учраас "Мэдэх эрх"-ийн тухай бичсэн түүний нийтлэл маш ихээр таалагдсан юм. Тиймээс ЛГБТ залуус маань үүнийг уншаад нэг зүйлийг бодох нь магад үнэн гэж бодож байна. Мөн түүнчлэн либертари үзэлтэй залуус ч гэсэн нэмэгдээсэй гэж хүсэв.
МЭДЭХ ЭРХ
Хүн төрөлхтний ихэнх нь өөр дээрээ мордуулах гэж нуруун дээрээ эмээлтэй төрөөгүй, хэсэгхэн хүн Бурханы зарлиг, хууль ёсоор тэднийг унахад бэлэн байдаг ч юм биш.
Томас Жэффэрсон
Хүн төрөлхтний түүхэнд эзэмшлийн гурван систем хэрэгжиж байсан. Нэгдүгээрт, Хаан эзэн бусдыг эзэмших, хоёрдугаарт, бүгдээрээ бүхнийг эзэмших, гуравдугаарт, өөрөө өөрийгөө эзэмших юм. Эдгээр эзэмшлийн системээс хүний мөн чанар, соёлт иргэншилд тохирсон систем бол гурав дахь нь буюу өөрөө өөрийгөө эзэмших явдал юм. / Энэ эссэнд эзэмших, өмчлөх, амьдрах зэрэг нь мэдэх эрхтэй нэг утгаар ойлгогдоно. /
Хаан эзэн бусдыг эзэмших / Нэг ба цөөн бүлэг бусдыг эзэмших /
Өрнийн деспотизмд хэмжээгүй эрхт хаан бүхнийг эзэмшиж болох талаар Платон, Аристотель нар номлож байв. Сайн үйл гэдэг бол шилдэг сайн зан төлөв юм. Шилдэг зан төлөв хүн бүрт заяагддаггүй хэмээснээр деспотизм, аристократизм, олигархи, монархи тогтолцоог хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс хүүхдийг том хүн эзэмшиж, боолчлолыг жам ёсны үзэгдэл хэмээн үзсээр иржээ. Дорнын деспотизмд хаан бол бурханы илч төлөөлөгч, тэнгэрийн хүү хэмээн өргөмжлөгддөг. Дорно дахинд хаанаа бурхан мэт дээдлэн шүтэж, хааны хэлсэн үг бурханы зарлиг болгон иргэдэд хүрдэг байв. Тиймээс хаан бүхнийг эзэмших нь зүй ёс байв. Хаан эзэн бусад хүмүүсийн амьдралыг шийдэж, амь насыг өмчилж, хүсэл зоригийг эзэмших нь байгалийн хуулийг зөрчиж буй санаа зуун, зуун өнгөрөх тусам улам баяжигдсанаар энэ систем нуран унасан юм. Харин олигархи тогтолцоо өнөө хэр зүсээ хувирган оршсоор байгаа бөгөөд оюун ухааны хувьд ч тэр, эрх чөлөөний филисофийн үүднээс ч тэр цөөн бүлэг бусдыг эзэмших нь буруу юм.
/ үүнийг мэдэх эрхийн тухай ойлголт дээр тайлбарлах болно /
Бүгдээрээ бүхнийг эзэмших / коммунизм /
Бүгдээрээ бүхнийг эзэмших систем XX зуунд бүрэн коммунизм нэр томъёогоор дэлхийн түүхэнд бичигдэх болсон юм. Коммунизмд бүх хүнд баялагийг тэгш хүртэх, боломжийг тэгш бий болгох замаар бүхнийг эзэмшиж болох талаар номлож байв. Гэвч үнэн дээрээ энэ систем хувь хүн өөрөө өөрийгөө ч эзэмшиж чаддаггүй байв. Тэд хүссэн хувцас, хүссэн дуу, хүссэн шашин, хүссэн амьдралаараа амьдрах боломжгүй байсан юм. Үнэн хэрэг дээрээ бүх хүн бүхнийг эзэмших боломжгүй гэдгийг дэлхийн түүх бидэнд харуулсан. Логикийн хувьд ч боломжгүй зүйл юм. Учир нь хүнд хувийн өмч байхгүй үед нэг өмчийг ашиглахын тулд бусад бүх хүнээс зөвшөөрөл авах хэрэг гардаг. Хятад улсад нэг иргэн үйл ажиллагаа явуулахын тулд 1 тэр бум гаруй хүнээс зөвшөөрөл авах болно. Зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гээд асуудал олон. Тиймээс бүх хүн бүгдийг эзэмших систем 1990 он гарсаар бүрэн устсан юм. / Одоо байгаа коммунист систем хүний хувийн өмчийг ямар нэг хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн байдаг /
Өөрөө өөрийгөө эзэмших
“Бүх хүн өөртөө өмчтэй байдаг. Юу ч байхгүй хүнд ямар ч эрх байхгүй,
гэхдээ өөрийгөө эзэмших эрхтэй”
Ж.Локк
Хүнд байгалиас заяагдсан өмч бол бие, оюун ухаан, сэтгэл зүрх юм. Тиймээс хүн бие, оюун ухаан, сэтгэл зүрхээ эзэмших эрхтэй байдаг. Олон мянганы турш байгалийн / жам ёсны / дээрх хууль хэрэгжихгүй хаан эзэн, цөөн хүмүүс бусдыг эзэмших нь зүй ёс хэмээн үздэг байснаараа боолчлол, аллага хядлага, дайн дажин гээд хар бараан бүхий л зүйлс бий болсон байдаг билээ. Зуун, зууны туршид удирдагчид, дарангуйлагчид хүн бүр адил төрдөггүй, тиймээс зарим нь төрөлхийн удирдах гэж, зарим нь төрөлхийн зарцлагдах гэж төрдөг хэмээсээр агуу их хэлмэгдүүлэлт, агуу их дайн, агуу их хүний эрхийг зөрчсөн байдаг. Хүний хувь заяаг бурхан зурсан байдаг тиймээс түүнийг хэн ч өөрчлөх эрхгүй хэмээснээр өөрсдийгөө удирдагч, хаан болгон өргөмжилсөөр байсан билээ. Үнэн хэрэг дээрээ хувь заяаг хүн өөрөө бүтээдэг хийгээд хүн хүнээрээ /бүгд адилхан хүн/ л төрдөг юм.
Шинжлэх ухаанаар хааны эзэмшилд зарцлагдах нь зүй ёс хэмээн батлагдсан нэг ч онол байхгүй. Түүнээс гадна хар арьстай л бол боол болох учиртай гэх шударга ёс ч байхгүй. Хаан эзэн, цөөн хүн бусдыг эзэмшдэг системд хүмүүс аз жаргалыг олж авч чаддаггүй. Нөгөө талаар бүх хүн бүхнийг эзэмших систем хувь хүний / гуманизм / сэтгэл ханамжийн илэрхийлэл болж чаддаггүй юм. Шударга ёс, ёс суртахуун, байгаль, хүний мөн чанарт тохирсон цорын ганц эзэмшлийн систем бол өөрөө өөрийгөө эзэмших систем юм.
Хувь хүн өөрөө өөрийгөө эзэмших учир үүрэг, хариуцлагыг өөртөө л хүлээдэг. Залхуурч ажил хийхгүй огоорвол хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь өөрөө өөрт оногдуулж буй зүй ёсны шийтгэл юм шүү дээ. Сайн явах санааных гэдэг шиг хувь хүн өөрөө өөрийнхөө амьдралыг мэдсэнээр жаргал, зовлонг өөртөө хүлээдгээрээ төгс систем юм.
Мэдэх эрхийн тухай ойлгот
Ж.Локк засаглалын тухай хоёр дахь шастир бүтээлдээ “хүний эрх төр үүсэхээс өмнө байсан тул бид байгалиас заяасан эрх гэдэг. Хүн эрхээ хамгаалахын тулд төрийг бий болгодог гэж өгүүлжээ. Тэрбээр хүний эрхийг амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх гэж 3 хуваасан байдаг.
Ж.Локкын өгүүлсэн амьдрах, өмчлөх, эрх чөлөөтэй байх эрх нь угтаа нэг л эрх юм. Хүнд байгалиас заяагдсан эрх бол өөрийн дураар амьдрах буюу мэдэх эрх юм. Гэвч өнөө үед амьдрах эрх гэсэн томъёог амьд явах эрх, амьдралын наад захын шаардлагатай бүх зүйл, хоол, хувцас, орон байраар, эрүүлийг хамгаалах зэргээр хэрэглэгдэж байна. Өөрөөр хэлбэл, амьд явах буюу хүний аминд халдахыг хориглох, хоол хүнс, хувцастай байх зэрэг нь амьдрах эрхийг бүрэн төгс тодорхойлоход учир дутагдалтай юм. Жишээлбэл, Би эхнэр авахын тулд эцэг, эхээсээ зөвшөөрөл авч, ямар сургуульд сурах, ямар мэргэжил эзэмших гээд буруу тогтсон ёс заншил, стереотип нь амьдрах эрхэд маань сөргөөр нөлөөлж буй боловч амьд явахад маань саад болохгүй байна гэж төр үздэг.
Мэдэх эрх бол бусад эрхийн үндэс суурь юм. Хүн өөрөө өөрийгөө эзэмшсэнээр бусдын эрхийг хөндөхгүйгээр юуг ч хийж болдог. Тухайлбал, Тамхи татах эрх байя гэж бодвол хүссэн үедээ тамхиа татах ба гагцхүү бусад хүний эрүүл байх, тамхигүй орчинд байх эрхийг хөндөж болохгүй юм. Тиймээс нэг бол ганцаараа байхдаа, нэг бол өөрийн өмч буюу гэртээ энэхүү эрхээ эдлэх боломжтой юм. Хүн өөрийн өмчөө захиран зарцуулсанаар өөрийн зорилго, хүсэл мөрөөдөлд хүрэх боломжтой юм.
Ф.Дуглас өөрийгөө эзэмших хийгээд жам ёсны эрх гэсэн сонгодог либерализмын энэ хоёр томъёон дээр үндэслэн боолчлолыг устгах хөдөлгөөнийг дэмжсэн үндэслэлээ гаргасан байдаг.
Сүүлийн үед хүмүүс хүний эрх тоо тоомшгүй олон болж байна хэмээн шүүмжлэх боллоо. Угтаа бол эрх ганц эрх чөлөө тоо тоомшгүй олон юм. Хүн эрх чөлөөтэй байх буюу мэдэх эрхтэй.
Үл түрэмгийлэх аксиом
Эрхийн гол зарчим бол үл түрэмгийлэх аксиом юм. Энэ зарчим бүрэн дүүрэн утгаараа хэрэгжвэл энэ дэлхий амар амгалан байх юм.
Эрх бол хязгааргүй зүйл биш. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Хүн бүр өөрийн сонгосон амьдралаар амьдрах эрхтэй бөгөөд бусдын ийм эрхийг зөрчих ёсгүй. Өөрөөр хэлбэл хэн ч бусад хүн ба хэн нэгний өмчийн / мэдэх эрхийн / эсрэг түрэмгийлэх үйлдэх эрхгүй гэх зарчим юм.
Эрхийн энэ зарчмыг ойлгож, мэдрэх нь илүү чухал юм. Позитив эрхийн онолчид эрхийг жагсааж бичих нь бий. Гэвч эрхийг жагсааж бичнэ гэдэг дэндүү утгагүй зүйл юм. Учир нь хүн эрхээ эдлэхдээ бусдын тийм эрхийг зөрчихгүйгээр тоолж барашгүй эрх чөлөөгөө эдлэх боломжтой шүү дээ. Тиймээс хэрэв эрхийг жагсааж бичих болвол эрхийн хязгаарын дээрх зарчмыг нэг бүрчлэн тухайн тохиолдол бүр дээр бичих шаардлагатай болно. Энэ нь яг л од тоолоод нэг бүрчлэн нэр өгөхтэй ижил юм.
Үл түрэмгийлэх аксиом буюу эрхийн хязгаарын зарчим хэрэгжихэд хүний мэдрэмж, ёс зүйн түгээмэл чанар чухал ач холбогдолтой. Амьдрал бол тэр чигээрээ баялаг нөхцөл байдал учир тухайн нөхцөл байдалд эрхийн хязгаарыг мэдрэх мэдрэмж их хэрэг болдог. Эцэг эхчүүд хүүхэд нь эхнэр аваад ирж байхад зөвшөөрөл олгохгүй байна гэдэг мэдрэмжгүйн хэрэг бөгөөд нөгөө талаар ёс зүйгүй үйлдэл юм.
Мэдээллийн эрх чөлөө мэдэх эрх хэрэгжих нөхцөл болох нь
Мэдэх эрх хэрэгжих суурь нөхцөл нь хорин нэгдүгээр зууны амьдралын хэв маяг болсон мэдээлэл юм. Хүн мэдээлэлгүйгээр өөрийн хүссэнээр амьдрах нь юу л бол. Тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл тэтгэлэгийн талаар сүүлийн үеийн мэдээллийг олж авах шаардлагатай болдог. Тиймээс мэдээллийн эрх чөлөө бол мэдэх эрхийн хэрэгжих суурь болж байгаа юм.
Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдаагүй нь Монгол улсад хүний эрхийн хэрэгжилт хэрхэн байгааг харж болно. Мэдээлэлгүйгээр хүн өөрийн дураар амьдрах боломжгүй багатай өнөө үед мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулахгүй байх нь манипулятив боолчлол болдог.
Мэдэх эрх минь зөрчигдөж байна.
Анимизм
Монголчууд бид мухар сүсэг бишрэл дэндүү ихтэй хүмүүс. Уурганы дээгүүр алхаж болохгүй, шөнө хог хаяж болохгүй, орондоо дуулж болохгүй гэх мэтчилэн анимист заншлууд өөрийн дураар амьдрахад минь саад болдог юм. Элдэв төрлийн мухар сүсэг бишрэлд болох бүтэх үг нэг ч байхгүй тэгсэн атал сургаал номлол ч үгүй. Гэвч анимист зан заншлаар өсөн торнисон эцэг, эх, хамаатан садангууд маань тэгж болохгүй, ингэж болохгүй мэтээр сургана. Угтаа бол анимизм амнаас ам дамжин ирсээр стереотип болдог. Аль нэг шашинд хамаарагддаггүй мухар сүсэг бишрэл миний хийх үйлдлийг хэзээ, хаана гэх мэтээр хориглоно. Мухар сүсэг бишрэлд итгэх нь сайн уу? Эсхүл муу юу гэдгийг ярих нь сэдэвт хамааралгүй тул ингэсгээд өндөрлөе хамгийн гол нь дэлхийн хаана ч байдаг аливаа шашны номлолд хамаардаггүй энэ мухар сүсэг бишрэл өөрийн дураар амьдрах эрх минь зөрчигдөх чухал хүчин зүйлсийн нэг юм.
Ёс заншил ба стереотип
Ёс заншилд авах зүйл ч их бий, хаях зүйл түүнээс их бий. Зан заншил бол эрт үеэс дамжин ирсэн уламжлал юм. Гэвч дундад зууны үеийн хүмүүсийн амьдралын заншил өнөөгийн мэдээллийн эрин зуунд тохирох нь юу л бол. Монголчууд бид шиг уламжлал гэхээр нэг, нэгэнгүй бүгдийг нь ирээдүй рүү чирэх гэсэн улс байхгүй л байх. Уламжлал бол амьдралд зохицолтой нь үлдэж, зохицолгүй нь таягддаг динамик дэвшил шүү дээ.
Ёс заншил бол динамик дэвшил байдаг атал эцгийн эрхт ёсноос үүдэлтэй сөрөг шинжтэй ёс заншил бат бэх оршин байсаар байна. Ёс заншил нь аливаа зүйлсийг зөвшөөрөх, хориглох хэм хэмжээ тогтоох шинжтэй байдаг. Тиймээс хориглосон, зөвшөөрсөн хэм хэмжээ нь бидний мэдэх эрхэнд халддаг юм. Харин Стереотип буюу хэвшсэн үйлдэл бол нийгмийн сөрөг соёл, соёлын гажуудал болон хувьсдаг.
Африкт нэг овогт эхнэр болох хүн нь хуримын анхны шөнө нөхрийнхөө гэр бүлийн эрчүүдтэй секс хийдэг уламжлалтай байдаг. Хүссэн хүсээгүй ч Африкийн тэр омогийн эмэгтэйчүүд энэ амьдралын хэв маягийг туулдаг. Дэлхий дээрх хамгийн ихээр өөрийн дураар амьдрах буюу мэдэх эрхэд халдаж буй уламжлал бол энэ юм. Харин Монголчууд бидэнд буй сөрөг ёс заншил бол нялхасыг угтах ёсонд өгдөг нэр юм. Хүүхэд тогтдоггүй айлд Нохойжав гэх мэт нэрийг өгөх уламжлал юм. Нэг талаас мухар сүсэг бишрэлийн шинжтэй ч нөгөө талаас ёс заншил болон хөгжжээ. Энэ мэт маш олон уламжлал нь мэдэх эрхийг хөндөж байна.
Патриарх
Монголчууд гэлтгүй дорно дахинд эмэгтэй хүнийг гэрийн боол зарц мэт үздэг сэтгэлгээ одоо хэр бат бөх оршин тогтносоор байна. Уг нь би Феминист үзэлтэй юм болохоороо эхнэртэйгээ ханилан суугаад гэр орны ажилдаа хамт туслалцаад, хоол хийж сурсан юм. Гэтэл Ээж маань эрэгтэй хүн хог шүүрддэггүй, бэр хүн ийм л амьдралыг туулах ёстой мэтээр нөгөө хадмын яхир зан, бэрийг сурган хүмүүжүүлэх ёсон гэх мэтчилэнгээр эхнэрийг минь ажлаар булна. Ингээд гэр бүлд эхнэр, нөхөр хоёрын дунд бяцхан үл ойлголцол бий болж, яваандаа хайр эвдрэлцдэг.
Эхнэр нь нөхрөө ээж чинь тэгээд байна, ээж чинь ингээд байна гэх мэтээр сүүлдээ уцаарлаж эхэлнэ аргагүй ч биз зарцын амьдралыг хэн л тэсэв гэж. Эх нь хүүхдэдээ эхнэр чинь ажилгүй юм, залхуу яаж энэ амьдралыг авч явна хэмээн хүүгийнхээ өмнөөс санаа зовнин битүүхэндээ цаагуураа салахыг зөвлөнө. Ийм амьдралын дунд нөхөр өөрийн дураар амьдрана гэж үү? Хадам эхчүүдэд хэвшсэн энэ муу заншил, стереотип бүхэл бүтэн хүүхдийнхээ амьдралыг жаргалаар бус зовлонгоор дүүргэдэг.
Эмэгтэйчүүд бол гэр бүлийн хоёрдогч хэрэгцээг хангах зэвсэг төдий зүйл болон хувирчээ. Эмэгтэйчүүдийг урт үстэй ухаан богино, гэрээ мэдье гэвэл эрээ мэд гэх мэтчилэнгээр Патриархат догматизм бат бөх оршиж байгаа үед эмэгтэйчүүдийн мэдэх эрхэнд халдахгүй гэж үү.
Фундаментализм
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ амьдралд оролцож ямар хоол хийх, ямар хувцас өмсөх, ямар сургуульд сурах, ямар мэргэжилтэй болох гэх мэтээр амьдралд нь хутгалддаг. Үнэн хэрэг дээрээ хүүхэд эцэг, эхчүүдийн урьд алдсан алдаа, эсхүл хийж гүйцээгээгүй мөрөөдлийн дүрх төрх болон хувирдаг. Хүмүүс өөрийн дотоод оюун ухаан, ертөнцөд бий болгосон дүрх төрхийг бусад хүнд тавин, тэрхүү дүр төрхөө бодит байдал болгохыг шаарддаг. Холливуудын “Яагаад гэвэл би хэлсэн учраас” гэсэн нэртэй кино байдаг. Тэрхүү кинонд хүмүүс тэр дундаа эцэг, эхчүүдийн фундаменталист үйлдлүүдийг харуулдаг юм. Ёс суртахуун фундаметализм болон хувирч, хүмүүс фундаменталист үйлдлүүдээ ёс суртахуун, ёс зүйгээр халхалдаг. Угтаа бол ёс суртахуун бол бусдын амьдралд бүү оролц, хүн бүр тэгш эрхтэй гэсэн ухагдахууныг илэрхийлдэг юм.
Нийтийн тосгоны филисофи
Дээрх аспектууд бол хувь хүн, нийгмийн соёлоос үүдэлтэй хүчин зүйлс юм. Ихэнх тохиолдолд хүний эрхийг хамгаалах үүрэг бүхий төр хүмүүсийг, иргэдээ өмч мэт болгон мэдэх эрхэнд нь халддаг. Үүний хамгийн том жишээ бол нийтийн тосгоны филисофи юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хүүхэд бол төрийн өмч, тиймээс хүүхдүүдийг төр хүмүүжүүлэх ёстой гэж хэлсэнээр нийтийн тосгоны филисофийн агуулга тодорхойлогддог. Ер нь төр иргэдээ өмч гэж бодсоноор албадлагаар цэрэгт явуулж, албадлагаар сургуульд хамруулж, хүмүүжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Хэрэв цэрэгт явах, хүүхдүүдийг асрамжийн газар, сургууль, цэцэрлэгээр хүмүүжүүлэхгүй бол улс орон мөхнө гэж үздэг. Өнөө үед цэрэгт хүн бүр явах нь улс орны баталгаа болж чадахгүй төдийгүй төрийн хэлээд байгаа хүмүүжил нь ухамсарын шанаа төдийгөөр хэрэгждэг.
Боолчлол бол жам ёсны үзэгдэл
Аристотель Боолчлолыг жам ёсны үзэгдэл хэмээснээр энэ дэлхийд хүмүүс зарим нь удирдах гэж зарим нь зарцлагдах гэж төрдөг гэсэн санааг илэрхийлэн Аристократ үзлээ дэвшүүлсэн байдаг. Боолчлол бол төгс дарангуйлал юм. Харин дарангуйлал байх ёстой үзэгдэл мөн гэж үү? Т.Жеферсоны хэлдгээр хүн бүр эмээлтэй төрдөггүй. Тиймээс ч боолчлол, дарангуйлал оршин тогтнох үндэсгүй билээ. XVIII зуунд боолчлолын эсрэг хөдөлгөөнүүд өрнөн боолчлолыг халуулж чадсан ч өнөө хэр боолчлол / хүний наймаа, хүн худалдах гэмт хэрэг/ оршин байсаар байна. Нөгөө талаар эцэг, эхчүүдийн фундаменталист үйлдэл, төрийн иргэдээ өмчлөх оролдлого нь орчин цагийн боолчлол юм. Тэд бидний мэдэх эрхэнд халдан миний хийх ёстой, хийх ёсгүй үйлдлүүдийг зааснаар биднийг утсан хүүхэлдэй болгон боолчилдог. Амьдрах, ажилд орохын тулд цэрэгт явж, аль сургуульд сурах, ямар мэргэжил эзэмшихээ эцэг, эхээсээ асуун, казино тоглох, мөрийтэй тоглох нь гэмт хэрэг болсоноор бид хаа сайгүй орших болохгүй бүхний хаост орших болдог.
Хүн бүрийн аз жаргалын ертөнц бол зөвхөн хүн бүрт л байх боломжтой.
Хүн бүр өөрөө өөрсдийгөө мэдсэнээр тэнд энхтайван, эрх чөлөө, ардчилал, сайн сайхан оршин байх болно. Хүмүүс эрхээ эдлэхдээ бусдын тийм эрхийг хөндөхгүй байх нь мэдэх эрх хэрэгжих үндсэн зарчим болно. Тиймээс эрх чөлөөний мэдрэмжийг хөгжүүлэн, ёс зүйн унивирсализмыг түгээх шаардлагатай юм. Мэдэх эрх хүмүүсийн мэдрэмжинд оршдог. Түүнийг хуулиар нэг бүрчлэн зохицуулах боломжгүй хийгээд харин хамгаалах шаардлагатай юм. Хүн бүр өөр өөрийн амьдралаа мэдэх мэдрэмжтэй байдаг. Гагцхүү төрд тийм мэдрэмж байхгүй учир төрийн эрх мэдлийг хуулиар хязгаарлах шаардлагатай болдог. Нөгөө талаар эрх чөлөөний мэдрэмж хийгээд иргэний боловсролыг хөгжүүлэх нь эрх чөлөөт ертөнц бүрэлдэх нөхцөл болно. Монголд хүн бүр эрх чөлөөтэй байх эрхээ эдлэж чадахгүй байна. Монгол хоцрогдсон уламжлал, соёл / мэдээж хэрэгтэй нь үлдэх учиртай /, төрийн увиагүй бодлого, төрийг шүтэх шүтэн бишрэгчидээс хүн өөрөө өөрийгөө мэдэх эрхээ эдлэж чадахгүй байгаа юм. Эмэгтэйчүүд, хүүхдүүд нөхөр, хадам эцэг эх, соёлын боолчлол болж байгаа нь ардчилсан улс гэж хэлэхэд учир дутагдалтай байна. Эрх чөлөө соёл уламжлалд дарлагдсанаар эрх чөлөө биш болдог. Эрх чөлөөгүй улс гүрэн ардчилалгүй болдог юм. Өнгөн дээрээ эрхийг хуульчлаад цаагуураа зөрчих нь эрх чөлөөг боомилдог. Иймд эрх чөлөөний үндсэн зарчим болох мэдэх эрхийг ойлгох, танин мэдэх, сурталчилах хэрэгтэй байна.
Ц.Мөнхбат
Энэ эссэг уншаад хүмүүс нэг зүйлийг бодох нь дамжиггүй, миний хувьд мэддэг хэдий ч мэдлэг дундаа төөрөлдөөд л давхиж явсан нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, яагаад гэвэл болох зүйл, болохгүй зүйл гэдгийн ялгааг мэддэг мөртөө яагаад болдоггүй билээ гэдэг тэр нарийн учир холбогдлийг тунгааж үзэхгүйгээр хүнд өөрийн байгаа байдлыг хүлээн зөвшөөрүүлэх гэж тулгах нь зүйд үл нийцэх явдал гэдгийг ойлгосон доо. Их удаан хугацаанд өөрийнхөө мэдлэгийг зохисгүй илэрхийлж байсан нь яг "Төрийн ордонд иргэн нь өөрийнхөө өмссөн хувцастай орж болохгүй" гэдэг хоригтой адил санагдаж билээ.
Тэгэхээр ЛГБТ залуус маань өөрсдийгөө илэрхийлэхдээ үндэслэлтэй, бодитой байдлаар хүнд ойлгуулан таниулах чадвартай байвал хүн чамайг ойлгоход хялбар байх болно. Харин өөртөө итгэлгүй, тайлбарлаад байгаа зүйл чинь ойлгоход хялбар биш байвал хэн ч байсан энэ чинь өөрийгөө ч мэддэггүй нөхөр байна ш дээ гэж даапаалах болно шүү дээ.
No comments:
Post a Comment